МОНГОЛ ШУУДАН ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн огноо: 2025/04/25

2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Шуудан ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 96.5 хувийн ирцтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хурлаар компанийн 2024 оны үйл ажиллагааг дүгнэж, цаашдын зорилго, зорилтуудаа тодорхойллоо.

Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн компанийн 2024 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах үеэр, хөдөө орон нутгийн салбарууд, ялангуяа сумын салбаруудыг орчин үеийн ПОС төхөөрөмжөөр хангаж цахим сүлжээнд холбосноор нэмэлт үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон нь хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, цахим үйлчилгээ үзүүлж эхэлсэн талаар онцолсон юм. Мөн тэрээр Монгол Улсад анх удаа дроноор хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлээд буйг мэдэгдэв.

Хурлын үеэр компанийн 2024 оны санхүүгийн үзүүлэлтүүдийг танилцуулсан бөгөөд Аудитын хорооны дарга Д.Балдорж санхүүгийн тайлангийн дүгнэлтдээ, компанийн борлуулалтын орлого өмнөх оноос 18.9 хувиар өсөж, үндсэн үйл ажиллагааны ашиг нэмэгдсэн талаар онцоллоо. Үүнээс гадна, 2023 оны ногдол ашгийн тайлан, 2024 онд ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэрүүдийг танилцуулж, 2025 оны ТУЗ-ийн зардлын төсвийг баталсан байна.

Мөн ТУЗ-ийн гишүүдийг кумулятив аргаар нэр дэвшүүлж, хувьцаа эзэмшигчдийн саналаар томиллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын төгсгөлд, 2025 оныг Монгол Шуудан ХК нь “Хэрэглэгч төвтэй шинэчлэлийн жил” хэмээн зарлаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, технологийн дэвшлийг нэвтрүүлсэн чанартай шуудангийн цогц үйлчилгээг хүн бүрд хүргэх зорилт тавьж буйгаа илэрхийлсэн юм.

Монгол Шуудан ХК нь хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг эрхэмлэн, цаашид ил тод, хариуцлагатай, үр ашигтай үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллах болно.

________________________________________

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Веб сайт

    1. : www.mongolpost.mn

Имэйл

    1. : info@mongolpost.mn

Утас

    1. : 1800-1613

Хаяг

    1. : Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Улаанбаатар 15160

w3w:

    тоймч.ерөөл.талбай

Сүүлийн мэдээ